Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Нүүрс хатаах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
2011 оны 10 сарын 10

Монголын анхны нүүрс хатаах болон тээвэрлэх шинэ технологийг “Шивээ Овоо”, “Таванталст” компаниуд амжилттай нэвтрүүллээ. Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын нутагт орших Шивээ Овоо уурхайд энэхүү  цогц бүтээн байгуулалтын   нээлтийн  ёслол энэ сарын 8-нд болсон юм.  Шинэ үйлдвэрийн түлхүүр хүлээн авах ёслолын ажиллагаанд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, “Таванталст” компанийн захирал С.Батхишиг болон Шивээ Овоогийн уурхайн ажилчид, Уул уурхайн хүрээлэнгийн удирдлагууд оролцов.      

Нүүрс хатаах үйлдвэрийг 7,2 тэрбум төгрөгөөр буюу өөрийн хөрөнгөөр санаачлан босгосон тухайгаа  “Шивээ Овоо” компанийн удирдлагууд мэдэгдлээ. Цагт нийт 200 тонн нойтон нүүрс хатаах хүчин чадалтай, үйлдвэрээс гарах тоосонцорыг барих найман циклонтой,  утаа, тоосыг бүрэн дарах бороожуулагчтай, бороожуулагчийн ус нь дахин ашиглагддаг бүрэн эргэлттэй тул хаягдал ус гарахгүй гээд орчин үеийн өндөр технологиуд суурилагджээ.

Конвейерийн тээврийн иж бүрдлийн онцлог нь дөрвөн хэсгээс бүрдэх ба нийт урт нь хоёр километр. Энд олборлолтоос ирсэн нүүрсийг шууд хатаагаад цааш нь галт тэргэнд ачих бүх ажиллагаа явагдаж байна. Өмнө нь уурхайгаас олборлосон нүүрс ачсан  хүнд даацын машинууд хоёр километр газраар  шороо тоос бужигнуулан явсны эцэст ачих газар дээрээ очдог байж. Байгаль орчинд асар их хор хохиролтой энэ хүндрэлийг конвейерийн систем бүрэн дүүрэн шийдсэн нь  манай уул уурхайн салбар дахь нэгэн томоохон дэвшил  юм.     

Нүүрс хатаах үйлдвэр болон конвейерийн  тээврийг “Таванталст” компани жил  гаруйн хугацаанд хийж гүйцэтгэж, 130 гаруй хүн энэхүү томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. Тус компанийн захирал С.Батхишиг “Үйлдвэр барихад олон бэрхшээлтэй асуудал гарч байсан. Хэд хэдэн өөр системийг хооронд нь уялдуулах шаардлага ч байлаа” хэмээн ярилаа.  

Шивээ Овоогийн уурхай жилдээ 1,4 сая гаруй тонн нүүрс олборлож, дотоодын үйлдвэрт нийлүүлдэг.  Гэхдээ нүүрсний борлуулалт тааруу нь илчлэгтэй холбоотой байдаг аж. 

Газрын гүнээс гарч ирсэн нойтон нүүрсийг энгийн айл өрх түлэх гэхээр асалт болоод илч тааруу учир хатаах төхөөрөмжтэй, нүүрсийг буталж түлдэг ТЭЦ-4-т  нийлүүлдэг байна.  Тус станцын  нүүрсний жилийн хэрэгцээний 68 хувийг “Шивээ Овоо“ уурхай дангаараа хангадаг.  “Хатаасан нүүрсийг ТЭЦ-4-т нийлүүлснээр тус станц бага зардлаар дулаан болоод цахилгаан ялгаруулах боломжтой. Ингэснээр  улс орны эдийн засагт ч ач тустай” хэмээн “Шивээ Овоо” ХК-ийн захирал Х.Балсандорж  онцолсон юм.
                                                                                                                             Г.Идэр
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
...