Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Нарийн царигтай төмөр зам илүү үндэслэлтэй гэж үзжээ
2013 оны 01 сарын 10
“Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг  Төрийн өмчийн хороо үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр  гаргажээ.  Энэхүү албан тушаалд томилогдоод төдийлөн удаагүй түүнийг яагаад гэв гэнэтхэн огцруулав гэсэн асуултад маш олон хариулт хөвөрч байна.

 Уг нь тэрээр албаа хүлээж авсан даруйдаа “Н.Алтанхуяг Ерөнхий сайд шинэ төмөр зам барих төслийг Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд асар их нөлөө үзүүлэх мега төсөл гэж нэрлээд байгаа. Энэ амаргүй ажлыг авч явахыг надад санал болгохдоо зүгээр л ажилтай болгочихъё гэж бодоогүй байх. Энэ төслийн толгойд Ерөнхий сайд байсан хүн ирсэн гэвэл хөрөнгө оруулагчдад том дохио болно” хэмээн хэлсэн байдаг.

Гэхдээ тэрээр “Монголын төмөр зам” төслийг удирдах болсон өдрөөс л олон зөрчилтэй асуудалтай тулгарах болсон гэхэд буруудахгүй байх.  Хамтарсан  Засгийн газрын үед  “Маккензи” компанийн хийсэн Техник эдийн засгийн үндэслэлд тэрээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. “Маккензи” бол зөвлөх үйлчилгээгээрээ дэлхийд гуравдугаарт ордог компани. Гэвч  хийсэн ажил нь “Монголын Төмөр зам“-ын шинэ удирдлагын санаанд  хүрээгүй юм.

Өөр нэг асуудал байгаа нь Засгийн газрын 1,5 тэрбум ам.долларын бондын эхний хэсгийг төмөр замд, тэр дундаа “Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлэх төсөлд зарцуулахаар төсөвлөсөн.  Хэдийгээр энэ нь УИХ-аар эцэслэн шийдэгдэх асуудал ч гэлээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 330 сая ам.долларын бондын мөнгөөр хэд хэдэн газарт 30-40 км урттай төмөр зам барихаар төлөвлөжээ.  Эх сурвалжуудын хэлж буйгаар М.Энхсайхан захирал  бондын мөнгөөр үр ашигтай нэг төсөлд буюу тодруулбал Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд тавих төмөр замын бүтээн байгуулалтад  зарцуулах нь зүйтэй гэж үзэн, “Төмөр замын цариг шилжүүлэх технологийн шийдэл, бэрхшээл” нэртэй төслийг  Засгийн газарт хүргүүлж,  нарийн царигтай төмөр замыг сонгох нь зөв гэж үзжээ.  Уг төслийн материалыг НҮБ-ын ESCAP /Ази Номхон Далайн Эдийн засаг нийгмийн комисс/-оос гаргасан “Транс-Азийн Төмөр Замын хөгжил” судалгаа, “Railway Pro” институтийн материал дээр үндэслэжээ.  “Монголын Төмөр зам”-ын удирдлагуудын үзэж буйгаар  төмөр замыг өргөн цариг ашиглан барих нь нүүрс тээвэрлэхэд ашиггүй тул  эдийн засгийн үр ашгаа илүү олж харсан, үндэслэл сайтай  нарийн царигтай төмөр замыг түрүүлж тавих нь зөв гэх байр суурин дээр хүрчээ.  

Гэхдээ  дээрх асуудлаар “Монголын төмөр зам” болон  Үйлдвэр, худалдааны яам саналын ихээхэн зөрүүтэй байсаар иржээ.  

Уржигдарын  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлын тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсох үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь, “Монголын төмөр зам” төслийн удирдагч М.Энхсайхан нарын урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавих тухай саналыг эсэргүүцэж буйгаа  ширүүхэн илэрхийлж байсан.  Ердөө үүний маргааш нь М.Энхсайхан захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнд  гайхах хүн олон байгаа юм.    

“Шинэ төмөр зам барих төсөл бол зүгээр нэг эдийн засгийн төсөл биш. Энэ бол улстөрийн болон геостратегийн том төсөл. Монголчуудын эв эеийг шаардсан. Хөрш орнуудтайгаа эрх ашгаа тэнцвэржүүлэх уран нүүдэл шаардсан төсөл” хэмээн М.Энхсайхан  саяхны ярилцлагадаа онцолсон байдаг. Гэвч  бүтээн байгуулалт эхлэхийн өмнө ийнхүү үл ойлголцол үүсч байна.  

2010 онд УИХ-аас “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын  бичиг баримтын  үр дүн өнөө хэр бодит биеллээ олоогүй байгаа. “Шинэ төмөр зам”-ын 1 дүгээр үе шат буюу Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан- Хөөт-Нөмрөг, 2-р үе шат болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 1800 орчим төмөр зам барьж байгуулах ажил  энэ хавраас эхлэх учиртай. Энэ хоёр чиглэлийг  хамтарсан Засгийн газрын үед зэрэгцүүлж тавих шийдвэр гарч, өргөн царигийг сонгосон.

“Монголын төмөр зам” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигтай тавих нь зөв гэсэн  саналаа Засгийн газарт хүргүүлжээ.

Тус компанийн удирдлагуудын  үзэж буйгаар уг чиглэлд өргөн царигтай төмөр зам тавьбал хамгийн түрүүнд гурван төрлийн технологийн бэрхшээл учирч,  эдийн засгийн асар их  үргүй зардал гарна гэж тооцоолжээ. Тухайлбал шилжүүлэн ачихад жилдээ олон тэрбум төгрөгийн алдагдалд хүрэх ба хүн хүчний ихээхэн нөөц шаардах болно. Үүгээр зогсохгүй  их хэмжээний тоосжилт үүсэх зэргээр экологи талаасаа ч эрсдэл дагуулна. Нөгөөтэйгүүр   дугуй солих нь өртөг өндөртэй, зөвхөн олон улсын жишигт контейнер, зорчигч тээвэрт ашигладаг, нурмаг /нүүрс/ ачааг шилжүүлэх боломжгүй байдаг юм байна. Мөн  цариг тохируулна гэдэг туйлын ярвигтай. Энэ  нь  нурмаг ачааг шилжүүлэх технологийн боломжгүй, зөвхөн жирийн ачаа бараа, зорчигч тээвэрлэхэд л тохиромжтой гэж “МТЗ”-ийн мэргэжилтнүүд үзэж буй юм байна.  Гадны орнуудад, тэр тусмаа Украйнаас Словак руу нүүрс, төмрийн хүдэр зэрэг нурмаг ачааг цариг солихгүйгээр тээвэрлэдэг. Одоогоор Австри, Словак, Украйн, ОХУ зэрэг улс “2025+” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төсөл нь цариг солихгүйгээр ачаа тээвэрлэх төмөр замын нэгдсэн сүлжээ бий болгохоор зорьж ажиллаж байгаа ажээ. Олон улсын энэ жишгийг дагаж  “Монголын төмөр зам”-ын удирдлага  нарийн царигтай төмөр  замыг  Гашуунсухайтын боомт руу тавих хүсэлтээ илэрхийлсэн байна.

Харин өргөн царигтай замыг сонговол Монголын нүүрсний компаниудад  дээрх бэрхшээлүүд тулгарч, эдийн засгийн хохирол амсаж,  ашигт малтмалаа үнэд хүргэж чадахгүй байх магадлал өндөр аж.

Түүнээс гадна  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Тавантолгойгоос -Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан- Хөөт-Нөмрөг чиглэлийн өргөн царигтай төмөр замыг хэсэгчилж тавихаар төлөвлөжээ. Ингэж хэсэгчилж тавих нь төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд  яваандаа суулт өгөх зэрэг олон  эрсдэл  дагуулж болзошгүй хэмээн “Монголын төмөр зам“-ын удирдлага үзэж байгаа юм  байна.

Шинэ төмөр зам төсөл бол мега төсөл. Тавантолгой ордыг үнэд хүргэж, Оюутолгойн үнэ цэнийг нэмэгдүүлж, Сайншандын төслийн ажиллагаанд хувь нэмэр оруулах асар том бүтээн байгуулалт. Төсөлд нийтдээ таван тэрбум ам.доллар шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо гарсан ба  дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор 2016 он гэхэд барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч М.Энхсайханы хэлснээр “геостратегийн ач холбогдол“ бүхий шинэ төмөр замын  царигийн асуудал дээр  нэгдсэн бодлогогүй, улстөрийн халаа сэлгээ хийхээс хэтрэхгүй байна.


Г.Идэр


  


www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

          

   

    

 

.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
...